Blog

HomeMoney MindsetMMM1L01. Та хонь биш

MMM1L01. Та хонь биш

ТА ХОНЬ БИШ

Бусдыг дуурайж бусадтай адилхан үйлдэл хийвэл бусадтай ижил үр дүнг л та авчирна. 

Статистик баримт харвал бас л сайнгүй байгаа нь харамсалтай. Ихэнх хүмүүс мөнгөгүй, санхүүгийн хувьд сул дорой чадваргүй нөхцөлд амьдарч, хүссэнээрээ амьдарч чадахгүй яваа. Ихэнх хүмүүс урган гарсан хор хохиролыг барагдуулах талбар дээр л ажиллаж амьдарч байгаа болохоос үр ашигтай бүтээлч талбар дээр амьдарч чадахгүй байгаа. Орчин цагийн “боолын нийгэм”-ээс ялгаагүй нийгэм дотор л амьсгалж байна.

Хүмүүс энийг ерөнхийдөө мэддэг л дээ, гадарладаг, бухимддаг, гэхдээ юу хийхээ мэддэггүй. Та бидний зорилго, энэ номын төгсгөл юу хийхээ мэдэж чиглэлээ гаргахад нь зорьж байгаа шүү дээ. Өнгөрсөн алхамууд бүгд таныг хонин сүргийн сэтггэлгээнээс гарч оюун санаагаа хөгжүүлж үнэ цэнээ өсгөхөд тань зориулагдаж байгаа.

Та юу хийхээ мэдээд зогсохгүй, хүссэнээ хийж чадна. Хамгийн гол нь хонин сүргийн хэрэглэдэг замаас гарч, өөрийн гэсэн чиг замыг зохиож, өөрийн санхүүгийн эрх чөлөөнд хүрэх арга стратегийг зохиох нь чухал болоод байна.

Хонин сүргийн сэтгэлгээнээс гарахад бас эрсдэлтэй байдаг учраас ихэнх хүмүүс гардаггүй. Гэхдээ энэ эрсдэл нь таны авч болох үр ашгийн хажууд юу ч биш, бүүр эерэгээр тайлбарлавал энэ эрдсэл танд бэлэг болж орж ирэх мэт тохиолдол ч бий. Эрсдэлүүдийн зарим нэгийг нь дурьдвал маш олон тооны хүмүүс тантай холбоо тасалж таныг өөрчлөгдөж байгаад үг хаяж ч магадгүй. Та хүчтэй байх нь чухал.

Сүргээс тасрах боломжоо олж хараад, арга барил, стратегиа сонгосны дараа түүнийгээ тууштай баримтлах нь маш чухал. Санхүүгийн хямрал болох үед хэн алсын хараатай, сайн бэлтгэлтэй, зөв стратегитай байсан нь тунаж үлддэг. Хонинууд зах зээлийн урсгалыг дагаж ажилладаг бол, сүргээс тасрагчид урсгалыг сөрж, урсгалын бүрдүүлж байгаа зах зээлээс түшиглэж стратегиа зохиодог.

Хувьцааны зах зээлд, хөрөнгө оруулалтын зах зээл, бизнесийн зах зээлд бүгд ялгаагүй. Хүн болгоны хийж чадах ур чадвар зах зээл дээр сайн үнэ хүрдэггүй. Хүн болгоны хийж байгаа ажлыг дуурайж хийх үед заах зээл дээрх үнэлгээнд өрсөлдөөн ихтэй, үнээрээ өрсөлдөхөөс өөр арга бараг байхгүй. Зах зээл дээрх асуудлыг цоо шинээр шийдэл хийх бүтээлч сэтгэхүй үнэ цэнэтэй.

Хонь сүргийн явах урсгалыг л дагадаг. Хонь ижил бэлчээр дээрээс хооллож, ижил худгаас ус уудаг. Бэлчээрт байх үед бороо орж, салхи салхилж, зуд нүүрлэхэд тэд хүлээн зөвшөөрч хувь тавилан тэднийг хаашаа залахыг хүлээхээс өөр замгүй. Хонь сүргэнд зориулсан хашаанд л хонохыг аюулгүй гэж үздэг тул сүргээсээ тасрана гэдэг бол огт болохгүй буруу үйлдэл гэж ойлгодог.

Хонь цоо шинээр сэтгэнэ гэж бараг байдаггүй, цоо шинээр сэтгэх үедээ сүрэг таалахгүй болохоос айдаг тул шаардлагатай үнэлэгдэх хэмжээнд ч сэтгэж чаддаггүй хязгаарлагдах нь бий. Хонинд тав тухтай дулаахан хашаа, идэх хоол, уух ус байхад л хангалттай. Хонь өнөөдөр л амьд явж байвал ирээдүйд ирэх аюул эрсдэлийн талаар боддоггүй, бодохыг ч хүсдэггүй, зөвхөн нядлагдах цагаа л хүлээдэг.

Би таныг хонины амьдралаар биш, хүний амьдралаар амьдрахыг уриалж байна. Би таныг өөрт заяасан гайхалтай сэтгэхүй, оюун ухаан, тархинд байгаа нөөц бололцоо чадварыг дайчилж амьдрахыг уриалж байна. Хүний тархи, хонины тархи хоёрт асар том ялгаа байдаг. Хүний тархи ирээдүйгээ төсөөлж, амьдралаа төлөвлөж, хувь тавилангаа сонгож зохиож чаддаг.

Хонь чононоос айдаг, чононы сургаар майлдаг. Чоно байх вий гэж айсандаа майлж хавь ойрдоо мэдэгддэг. Чонотой нүүр тулсан үедээ тэд зугтах эсвэл бууж өгөхөөс өөр аргагүй гэдгээ мэдэрдэг. Хонинд чоно шиг дайчин чанар байхгүй гэж хүлээн зөвшөөрдөг. Хонины хувьд чоно шиг хөдөлж байгаа бүхэн аюултай санагдах нь ч бий.

Миний энд тайлбарлаж байгаа хонь, чононы харилцаанаас би таныг зарим нэгэн зүйлсийг анзаарч суралцаасай гэж хүсч байна. Хонь шиг сэтгэлгээ төрөлхийн байр байдал зан чанарынхаа байдлаас шалтгаалж амьдралдаа тохиолдож буй өөрөөсөө хүчирхэг зүйлсээс айж зугтаж, тэдний эсрэг майлах атлаа өөрсдийн ур чадвараа өсгөхийг оролддоггүй. Тухайн дайралт довтолгоонд нөлөөтэйгөөр өөрчилж зогсоох хүч чадлыг өөртөө хуримтлуулдаггүй.

Яг иймэрхүү зарим нэг жишээг дурьдвал, үнийн инфляцийн асуудал байна. Хонь шиг сэтгэлгээнд байгаа хүмүүс юмны үнэ өсөөд байна гэж халаглан гомдоллож тус тусдаа майлах атлаа өөрсдийн үнэ цэнэ орлогын эх үүсвэрээ сайжруулж хөгжүүлэх талаар дорвитой алхам хийж, өөрсдийн ур чадварыг хөгжүүлдэггүй.

Тэд чоно мэт өөрсдийнх нь амьдралд санхүүгийн довтолгоо хийж буй тэр айхтар хүчин зүйлсийг хүлээн зөвшөөрч боол мэт амьдардаг. Тэд хичнээн майлаад ч нэмэргүй гэдгээ мэдсээр байж майлаад л суугаад байдаг. Жилээс жилд, бензины үнэ нэмэгдээд, талхны үнэ нэмэгдээд байгааг мэдсээр байж тэд өөрсдийнхөө ур чадварыг дайчилдаггүй.

Түүнээс өрсөх хүч чадал оюун ухаанаа тэлэхэд шаардлагатай бүхнийг хийлгүйгээр тав тух эрэлхийлж хэдэн цагаар зурагтныхаа өмнө олон ангитой кино ширтэж өөрийгөө түр зуур тайвшруулдаг. Эсвэл жаахан зугаацчих юм хайж архи, тамхи баар савханаар орж зугаа хөөцөлддөг. Хонь шиг сэтгэлгээтэй хүмүүс өөрсдийгөө “Залхуу” гэдэг пайзаар хэнэггүй чимдэг.

Та намайг юу яриад байгааг ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Хонинд тулж ирж байгаа зөндөө олон янзын эрсдэлүүд, зөндөө олон янзын бэрхшээл, зовлонгууд байдаг. Би таныг хонь биш гэж хэлэх гэсэн юм. Гэхдээ та хонь шиг зан чанар, хандлага гаргадаг бол одооноос тэдгээрийг бүгдийг нь анзаарч өөрчлөлт хийх талаар анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.

Хонь биш болж байна гээд би таныг чоно шиг ууртай бухимдалтай, өлсгөлөн, харсан болгон руугаа дайрсан зэрлэг авиртай байхыг хэлээгүй юм шүү, бүү буруугаар ойлгоорой. Чоно ч бас таны хүсээд байх дүр төрх зан авир байж чадахгүй. Чоно бас л амьд гарахын төлөө тэмцэж явдаг зэрлэг амьтан. Би таныг хүн шиг хүн байж, хүний оюун ухаанаараа тунгаан бодохыг хүсч байгаа юм.

Хүн өөрийн хүссэн газраа явж, өөрийн тавагтай хоолыг бэлтгэж идэж, өөрийн аягатай цайг уудаг, өөрийн орон гэр байр байшингаа барьдаг.  Хүн хэзээ хаана байхаа, юу хийхээ өөрөө шийддэг. Хүн хэнтэй хэзээ уулзахаа сонгодог. Хүн ямар унаанд сууж, яаж очихоо өөрөө сонгодог. Хүн юу хэлж, юу хэрэглэхээ сонгодог.

Хүн цаг хугацаан дунд чирж, залж, чиглүүлж явдаг. Тэдний ихэнх нь хонь шиг хүмүүст солиотой харагддаг. Яагаад гэвэл тэд өөрсдийнхөө дотоод ертөнцөд маргааш руу харсан цонх гаргаж онгойлгоод харж байдаг.

Таныг хонин сүргийн сэтгэлгээнээс ангижирч, хүний сэтгэлгээний цар хүрээг амьдралдаа оруулж ирэх үеэс амьдралын жинхэнэ үнэ цэнэ, баяр бахдал, амьд явсаны үнэ  цэнэ, амт шимт амтагдах нь лавтай. Амьдралын нэгэн гайхамшиг нь хүний оюун ухаан шингэсэн тэр сэтгэлгээний нандин увдис юм.

Хонины сэтгэлгээнээс гарахад яагаад хэцүү байдаг тухай ярилцая. Хүний сэтгэлгээнд сөргөөр нөлөөлдөг өчнөөн бэрхшээлүүд, сэтгэлгээгээ хөгжүүлэхэд саад болж байдаг.

1. Алдаа гаргахаас айх айдас

2. Шүүмжлэлээс айх

3. Бусдад гологдохоос айх

4. Ур чадвараа дутуу үнэлэх

5. Өөртөө итгэх итгэл сул

6. Дутуу мэдлэг боловсрол

7. Залхуурал

8. Бэлэнчлэх сэтгэлгээ, хуулах оролдлого.

9. Хулчгар зан

10. Бусдыг буруутгасан хандлага

11. Стресс

12. Муйхар үзэл, мухар сүсэг

13. Яаруу адгуу зан

14. Доогуур стандартын амьдралыг хүлээн зөвшөөрөх

Хүний сэтгэлгээг хөгжүүлэхэд хэрэг болдог тустай зүйлс тэгвэл юу байж болох вэ? гээд бодоод үзье. Хөнгөхөөн бодоод үзэхэд доорхи хэдэн зүйлс гарч ирж байна.

1. Асуудлыг шийдэх гэх оролдлого

2. Цаг гаргаж бодох

3. Төлөвлөх

4. Цаасан дээр бичих

5. Төсөөлөл

6. Хүсэл эрмэлзэл

7. Сониуч зан

8. Бүтээмж

9. Бясалгал

10. Мэдлэг

Хонь шиг биш, хүн шиг сэтгэхэд тань туслах бүх төрлийн стратегийг та энэ номноос олж авч болно. Ялангуяа та энэ номны дасгалыг ажиллаад эхлэх үед жинхэнэ өөрийнхөө дотор болж байгаа бодол сэтгэлгээг гаргаж цаасан дээр бичээд зогсохгүй, эдгээр дасгалууд таны ирээдүйд хэрэгтэй арга замаа олоход тань туслах юм. Сэтгэлгээгээ хөгжүүлэх дасгалуудаа бүгдийг нь алдахгүй хийж, хариултуудыг цоо шинээр сэтгэж, цагийг өөртөө олгож асуултуудынхаа жинхэнэ хариултыг эрэлхийлэх тусмаа танд эерэгээр нөлөөлөх болно.

Тийм ч учраас би өөрийн номондоо яригдсан бүх сэдвээс таны амьдралд хэрэгцээтэй хариулт, таны өөрийн сэтгэлгээг гаргаж ирэх гэж хичээдэг. Таны гаргасан санааг хэрэгжүүлэх үед л танд энэ ном жинхэнэ үнэ цэнээ өгөх учиртай.

Хариултаа хариулахдаа төвлөрч олон зүйлийг жагсаалтандаа багтаах тусмаа таны сүүлийн хариултын чанар түрүү түрүүчийнхээсээ илүү мэргэн, илүү шинэ сэтгэлгээг, илүү тохиромжтой шинэ санааг танд өгөх болно. Хүмүүсийн гаргадаг хамгийн том алдааны нэг нь бодохоос залхуурах. Бусдаас бэлэн санаа хайж хариултаа хуулах гэдэгтээ байдаг.

Харамсалтай хариулт таны оюун ухаанаар шүүгдэж гарч ирээгүй л бол танд тогтоход хэцүү, та өөрөө хариултыг эзэн шиг хэрэгжүүлж чаддаггүй сул тал байдаг гэдгийг анхаараарай. Дасгалуудын хариулт таны өөрийн нөхцөлд тохирсон таны сэтгэлгээгээр гарах учиртай юм.

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдэлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ видеоноос юуг илүү сайн ойлгож авч суралцсан бэ?
  2. Таны амьдралд хонь шиг өөрөө учрыг нь ойлгож тунгааж бодоогүйгээр бусдын аясыг дагаж явсан тохиолдолуудаа анзаарсан уу? Та хонь шиг бусдын үйлдэлийг дагаж ажиллахдаа өөртөө юу гэж тайлбарлаж байсан бэ?
  3. Хонь шиг байдлаас гарах гэж оролдож байсан үеүд танд бий юу?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »