Blog

HomeMoney MindsetMMM1L09. Үг хэл зүй

MMM1L09. Үг хэл зүй

ҮГ ХЭЛ ЗҮЙ

Оюун ухаан, таны тархи гайхалтай өндөр цар хүрээтэй. Монголчууд бид оюун ухааны цар хүрээгээ сайн ашиглаж чаддаггүй. Оюун ухааны цар хүрээгээ бид дутуу үнэлдэг, яаж оюун ухаанаа ашиглах аргаа бид мэддэггүй учраас өнөөдөр Монголын нийгэмд материаллаг эд зүйлсийг шүтэн биширч, сэтгэлгээгээрээ ядуу хоосон амьдарч байгааг бид сайн мэднэ.

Оюунлаг сэтгэлгээ рүү ороход тань зориулаад бид таны тархинд сэтгэлгээг тэлэх хүчтэй хэрэгсэл болох үг хэллэгийн талаар багахан дэлгэж ярилцая. Үгийн баялаг сайтай хүний мэдлэгийн цар хүрээ ч өндөр, ажил мэргэжилдээ, нийгэмдээ ч баялаг орчныг бүтээж чаддаг.

Таны оюун ухаан сэтгэлгээнд байгаа мэдээлэл үгээр гадагшаа илэрхийлэгддэг. Таны тархи гаднаас орж ирж буй мэдээллийг үгээр дамжуулан хүлээн авдаг.

Хүний тархи оюун санаа үг бүхэнд өөрийн гэсэн утга санаа мэдрэмж, агуулгыг шингээдэг. Үгээр илэрхийлж мэдэхгүй бол тухайн үгэнд зохих ойлголт, тухайн ертөнц хүний тархинд байхгүй байна гэсэн үг.

Ойлгодоггүй ертөнцөө бид үгээр тодорхойлж хэлж чадахгүй, тийм зүйл байдаг гэдэгт ч бид итгэдэггүй. Үгийн баялаг таны тархи, оюун санаанд байхгүй байна гэдэг нь тухайн ертөнц таны амьдралд оршин тогтносон орон зай байхгүй байна гэсэн үг.

Тухайлбал санхүүгийн, хөрөнгө оруулалтын олон янзын нөхцөл, тодорхойлолтууд, утга агуулгыг үг хэл зүйгээр нь ойлгож судалсан мэддэг хүн л санхүүгийн, эдийн засгийн ертөнцөд амжилттай ажиллах боломжтой.

Таны үгийн баялагийн хэмжээ, тархины цар хүрээг тодорхойлдог. Хэл судлаач Артур Шопонхуэр, Макс Муллер нарын тодотгон гаргаж ирсэн дүгнэлтээр бол “Үг хэл зүй бол таны тархийг урьд нь аялж байгаагүй ертөнцийг нээхэд хэрэглэдэг хэрэгсэл юм”

Үг хэл зүй бидний сэтгэлгээг өнгөрсөн цагт аялуулж, өнөөдөр цагт мэдэрч, ирээдүй цагийг төсөөлөөд зогсохгүй, юмыг олон талаас нь харж өөр өнцгөөс нь илэрхийлж чаддаг. Үгийн баялаг таны мэдлэгийн түвшинг тодорхойлоод зогсохгүй, таныг амьдралын цар хүрээг илэрхийлдэг.

Амьдралаа өөрчлөхийг хүсвэл үгийн баялагаа өөрчил. Хөрөнгө оруулагч болохыг хүсвэл хөрөнгө оруулагчийн өргөн хэрэглэдэг үгнүүдийг чөлөөтэй ойлгож сур. Бизнес хийх гэж байгаа бол бизнесийн орчинд ашиглагддаг үгийн баялагийг өөрийн сэтгэлгээний орчинд оруул.

Техник технологийн орчинд амжилтанд хүрэхийг хүсвэл техник технологийн ертөнцийг үгийн баялагийг эзэмш.

Хүмүүс таны хэлж байгаа, хэрэглэж байгаа үгийн сангийн хэмжээгээр таныг үнэлж хүндэлж дүгнэлт өгдөг.

Үгээр хүнийг уурлуулж ч болно, үгээр хүнийг баярлуулж ч болно гэж ярьдаг.

Үгний утга агуулга хүн хүнд өөр өөр тусдаг. Яг ижил үгийг сонссон 10 хүн хэд хэдэн өөр янзын утга агуулгыг илэрхийлж, түүндээ тохирч өөр өөр зан авир гаргах нь ч бий. Бүгд тухайн хүний тухайн үгийг ойлгож өгсөн утга учраас л шалтгаалдаг.

Бидний тархинд тухайн үгийг тайлбарласан, түүнтэй холбоотой олон янзын дурсамж утга агуулгууд хадгалагдсан байдагтай холбоотой. Тухайн үгтэй холбоотой дүрслэл, орчин нөхцөл, мэдрэмжийн эд эсүүд ч өдөөгдөж бие махбодид тухайн үгтэй холбоотой туршлагыг илэрхийлж гаргаж ирдэг.

Манайхан “Үгээ зөв бодож хэлж бай” гэж бие биедээ их хэлдэг шүү дээ. Үнэндээ бид яг яаж, хаанаа үгээ зөв бодож хэлэхээ ч мэддэггүй. Учир нь бидний өдөр тутмын хэрэглээнд хэрэглэгддэг үгийн хэрэглээ маш цөөн, түүнийгээ мэдэрдэг мэдрэмж нь ч бас сөрөг утга агуулга  хадгалсан байх ч аюул бий. Тиймээс ч бид, юмыг дандаа буруугаар нь харж тайлбарладаг гэж өөр хоорондоо ярьж шүүмжилдэг шүү дээ.

Таны сонгон ярьж буй үгс бусдын сэтгэлийн утсыг хөнддөг. Таны сэтгэлийн хөдөлгөөн ямар үгийг сонгож хэрэглэхийг ч шийддэг. Таны сонгон хэрэглэж буй үгс таны амьдралд нөлөөлөөд зогсохгүй, бусдын амьдралд ч нөлөөлдөг.

Тэр бүү хэл таны тархи ямар нэгэн юм бодохдоо үг хэрэглэхгүйгээр бодож мэддэггүй. Та бодож байгаа бодлоо гадагшаа илэрхийлж ярихгүй байсан ч таны тархинд болж байгаа бодлууд хоорондоо үгээр, өгүүлбэрээр хоорондоо холбогдож учир утга агуулгаа зангидаж өөртөө тодорхой асуулт тавьж, хариу тайлбар өгч өөрөө өөртэйгөө ярилцаж байдаг. Үг хэл зүй бол яах аргагүй таны бодлын процесс үйл явцыг хаашаа чиглэхийг шийддэг.

Ялангуяа тухайн үг таны өнгөрсөн амьдралын туршлагад юуг илэрхийлж, ойлгуулж өссөн, тэр хэмжээгээрээ таны оюун санаа үгээр дамжуулж өнгөрсөн амьдралынхаа утга учрыг илэрхийлдэг.

Үгийг буруу хэрэглэвэл аюултай. Хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс авахуулаад гэр бүлийг салгаж, итгэлийг эвдэж, хүний амьдралыг ч хөнөөх аюулууд байж болдог. Үг бол үнэндээ таны дотоод ертөнцийн газар зүйн зургийг илэрхийлдэг.

Бодит амьдрал дээр тэр үг маань ямар утга учиртай хамааралтай байсан ч хамаарахгүйгээр тухайн хүний оюун санаанд яаж орчуулагдаж бууж байгаагаараа өөр өөр холбоос утга агуулгыг зангидаж өөр өөр “бодит амьдрал” гэж ойлгогдохуйц төсөөллийг тухайн хүнийхээ тархинд нөлөөлж үлдээдэг.

Бидний тархи бусдын хэлсэн үгнээс асар ихийг нь товчилж ойлгож, зарим хэсэг үгнүүдийг устгаж, хэлбэрийг нь өөрчилж санааг нь гуйвуулж, төрөлжүүлж, ерөнхийжүүлж хуваарилдаг. Энэ нь л бидний ямар бодол төрж, ямар төсөөлөл бий болж, ямар сэтгэдэл төрж, ямар үйлдэл хийхийг санал болгодог.

Бидний үг хэлээ сонгож ярихдаа гаргадаг хэд хэдэн хэлбэрүүд бидний бодох бодол, мэдрэх мэдрэмжиднд яаж сөрөгөөр нөлөөлдөгийг би танд тайлбарлая.

1. Товчлох. Үйл явдалыг товчхон мэдээлэл өгсөнөөс товчлогдон -Сонин юу байна? гэж хүнээс асуувал, “Юмгүй”, “Дажгүй”, “Явж л байна”, гэх мэтчилэн олон янзын хариултуудыг өгдөг. Товчлон ашигласан хэлнээс буруу зөрүү ойлголт төсөөллүүдийг харилцагчдаа өгөх үе олон бий. Товчлон юмыг ярих зууртаа бид нарийн ширийн утга агуулгыг нь ч гээгдүүлж, бүхэл бүтэн сонирхолтой зүйлсийг мэдэхгүйгээр, мэдрэхгүйгээр өнгөрөх нь ч элбэг. Тиймээс товчлон ярьж байгаа үгний ард өөр утга агуулга, нандин зүйлс нуугдаж болохыг бодож байгаарай.

2. Ерөнхийлөх. Нэг болсон явдалыг нилээн олон болсон юм шиг ерөнхийд нь багцалж дүгнэж ярьдаг.

Ж нь, “Одоо хүмүүс ийм болсон” – Нэг удаа нэг хүний хийсэн үйлдэл нөхцөл байдлыг бид ерөнхийд нь олшруулж олон болгох үедээ тэр олон болсон ерөнхий үйл явдалаас гарах гарцгүй мэт өөрийгөө сүрдүүлэх тохиолдолууд олон бий. Үүнийг задлахын тулд Бүх хүмүүс ийм билүү? эсвэл Яг ийм билүү? гэх мэтээр асуултуудыг асууж өөртөө гарах гарц олж авч болно.

Бас нэг жишээ, “ Чи дандаа ингэдэг” гэж ярихдаа бид тэр хүний 2 удаа, 3 удаа, эсвэл цөөхөн хааяа нэг болдог үйл явдалыг байнга давтагддаг үйл явдал мэт ойлголт төрүүлдэг байх аюул бий. Дандаа гэдэг үгэнд хааяа асуулт тавьж өөртөө бодит үнэнийг олж харах боломжийг олгож байгаарай.

Хүмүүс юмыг ерөнхийд нь авч үзсдэг өөр бас нэгэн жишээ дурьдая, “Би бүгдийг нь оролдсон болохгүй юм байна лээ” Бүгдийг нь гэж бодож бид өөрсдийгөө сүрдүүлдэг. Тухайн хүний бүгд гэж хэлж байгаа зүйлс дотор үнэндээ нэг хоёрхон тооны зүйлийг туршиж үзсэн байх нь бий. Тийм учраас бид бүх юмыг туршиж үзсэн учраас цаашид оролдохоо больдог аюултай. Иймэрхүү үгийг та өөртөө хэлж байгаагаа анзаарвал бүгд гэдэг дотор би яг юуг хамааруулаад байгаа билээ гэдгээ өөрөөсөө лавлан асуугаад үзээрэй.

Үүнтэй төстэйгөө ерөнхийлөн ашигладаг үг хэллэгийг илүү нарийвчлан тодорхой болгохын тулд Хэдэн удаа? Хэдэн янзын аргаар? гэх мэтээр лавлан тодруулах нь таны сэтгэлгээнд харагдахгүй байсан боломжуудыг олж харахад туслах болно. Ерөнхийд нь багцалсан ийм үгсүүд бидний сэтгэлгээг хязгаарладаг.

3. Тодорхойгүй. Бид огт мэдэгдэхгүй, эсвэл бодож амжаагүй зүйлсээ тодруулахаасаа өмнө тодорхойгүй үг хэллэг ашигладаг. Жнь, “Боломж нь байхгүй” гэж ярьдаг. Үүнийг яг ямар төрлийн боломж? Ямар зорилгоор? Ямар нөхцөлтэй? Ямар хэмжээтэй? Ямар хэлбэртэй? Ямар хугацаатай? гэх мэт олон янзын хэмжээс өгөгдөлүүдийг тухайн зүйлдээ тохируулан тодорхойлох нь таны үг хэллэгийн сонголтоос болж хязгаарладаг тэр хил хязгаарыг тэлэх болно. Боломжууд нь олон янз байж болно. Боломжууд нь таны бодож байгаагаас өөр хэлбэр, шинж чанарыг агуулсан байж болно. гэх мэт.

4. Харьцуулалт. Бид шударга бус харьцуулалтыг байнга хийдэг. Харьцуулаад байна гэдгээ ч хүн анзаарахгүйгээр харьцуулалтыг ашиглаж өөрийгөө доош нь хийх, нөхцөл байдлыг буруу дүгнэх, өрөөсгөл ойлголт бий болгох нь ойлгомжтой. Жнь, “Царай муутай” – Хэнтэй харьцуулахад? Юутай харьцуулахад?, “Тоондоо сайн” – Хэнтэй харьцуулахад? Мэргэжлийн математикийн аваргатай харьцуулахад? 3 настай хүүхэдтэй харьцуулахад? гэх мэтчилэн асуух нь таны бодож байгаа голж шилээд, эсвэл хэтрүүлэн сүрдэж айлгаад байсан тухайн хүчин зүйлсийн хэлбэр дүрс, орчин нөхцөлийг үнэн зөвөөр нь олж хараад зогсохгүй, өөрийнхөө давуу шинж чанарт ашиглаж хүч чадлаа зөв үнэлэхэд ашиглагдаж болно.

5. Шүүмжлэлт. Хүний тархи байнгын анализ дүгнэлт хийдэг. Шүүмжлэлийг бид амьдралын хүсч буй нөхцөл байдалтайгаа хослуулан шударга бусаар бүтээх нь бий. Жнь, “Дорж иймэрхүү юманд авъяасгүй” – Доржийн авъяасыг хүүрнэгч дутуу үнэлж байна. Доржийг хүүрнэгч сайн мэдэхгүй. Дорж авъяас чадвараа гаргаж ашиглахгүй орхигдуулсан байж ч болно. Мэдээллийн үнэн мөнийг ойлгохгүйгээр дүгнэлт өгөх нь буруу шүүмжлэлийн хэлбэр юм. Шүүмжлэл өрнүүлэхээсээ өмнө өөртөө шаардлагатай мэдээллийн суваг, нөхцөл хувилбаруудаа дахин шалгаад үзэх нь таныг гартаа байгаа нөөц бололцоогоо буруугаар шүүмжилж таны сэтгэлгээг харалган болгоход нөлөөлдөг.

6. Таамаглал. Бид болоогүй зүйлсийг урьдчилан төсөөлж таамаглал гаргадаг. Жнь, “Намайг хэлвэл тоохгүй” Та юу гэж хэлэхээс их шалтгаална. Та өөрийгөө дутуу үнэлж болзошгүй. Та тухайн хүнийг ямар хариу үйлдэл хийхийг тэр хүний өмнөөс шийдэхгүй. гэх мэт зөвхөн энэ жишээг задлан тайлбарлах маш олон боломжууд бий. Болоогүй зүйлийг болсон мэт бүү төсөөл. Болоогүй зүйлийг болохоос нь өмнө бүү хэтрүүлэг ашигла.

7. Учир шалтгаан. Бид аливаа үйл явдалуудыг хооронд нь холбож тодорхой учир шалтгаан өгдөг. Жнь, “Ахыг нь цэрэгт явсанаас хойш дүү нар хичээлээ тасалдаг болсон” Өөр өөр үйл явдалуудыг холбож утга учирын алдагдалтай дүгнэлт хийх. Өөр учир холбогдол шалтгаантай байж болно.

8. Урьдчилан төсөөлөх. Бид ямар нэгэн юмыг болно бүтнэ гэж урьдчилан төсөөлсөнөөрөө алдах нь бий. Та хэн нэгэн хүнийг, ямар нэгэн нөхцөлийг бодолцож үзэхээсээ өмнө зөвхөн өөрийн тархинд байгаа мэдээлэл ойлголт дээрээ түшиглэж болох гэж буй байдлыг урьдчилан төсөөлөх нь биднийг ямар нэгэн асуудал бэрхшээлд унах эрсдэлд хүргэх нь бий. Үүнээсээ болж бид гэнэддэг. Түүнийгээ заримдаа бид хүнд итгэснээсээ болж алдлаа гэж эндүүрч ойлгох нь ч бий. Энэ нь урьдчилан төсөөлсөн төсөөлөл таны итгэн үнэмшихэд нөлөөлсөн байж болох боловч бодит үнэнд бодож үзэх шаардлагатай бусад нөхцөл өгөгдөлүүдийг, хүчин зүйлсийг тооцоолоогүйгээс бий болох нь бий. Жнь, “Аль өнгийг нь авах вэ?” – Авна гэж хэлээгүй байсан ч авна гэсэн ойлголтоор төсөөлөн яриа өрнүүлэх, нөгөө хүн нь авахгүй гэж хэлэхэд таны итгэлийг алдсан мэт, таны урам хугарч эвгүй байдалд орох гэх мэтийн үзэгдэлүүд бий болох тохиолдолууд олон бий.

Дээрх 8 төрлийн нөхцөл байдал та бидний амьдралд олон янзын хувилбараараа оршин тогтнодог.

Энэ нь та бидний хувьд юу гэсэн үг вэ? гэвэл бид өөрийн тархиндаа гаднаас хүлээж авсан мэдээллийг үг болгон хөрвүүлж буулгадаг. Тэр маань бодит амьдралын нөхцөл байдлыг өөрчилж тодорхой хэлбэр дүрсэд оруулж шүүн гаргаж ирдэг. Энэ сонгосон шүүлтүүрийн хүчинд тухайн үйл явдалд үг өгүүлбэр, учир холбогдол өгдөг. Тэр маань биднийг юу бодож, ямар мэдрэмж төрөхөд, ямар үйлдэл хийхэд нөлөөлдөг.

Дасгал 2. Саад болдог итгэл үнэмшилээ эргэлзээнд оруулах

Дасгал 1 дээр таны өгсөн оноо хамгийн өндөр 10 байгаагаас авахуулаад оноо нь 3 хүртэл бичигдсэн бүх саад болдог итгэл үнэмшилүүдийг доорх хүснэгтэнд жагсааж бичнэ үү.

Саад болдог итгэл үнэмшил тус бүрт 3- 4 төрлийн Миний энэ итгэл үнэмшил эргэлзээтэй эсвэл энэ итгэл үнэмшил худлаа байж болох нотолгоонууд гэдэг хүснэгтэнд тухайн итгэл үнэмшилийг үгүйсгэж болохуй нотолгоогоо бөглөж бичнэ үү.

Та хүссэн тоо хэмжээгээрээ доорх хүснэгтийг бөглөж болно.

ДАСГАЛАА ХИЙХ ДАСГАЛЫН PDF ФАЙЛАА ТАТАЖ АВАХ

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Суралцсан зүйлүүдээсээ хамгийн түрүүнд амьдралдаа ашиглахыг хүсч байгаа зүйл нь юу вэ?
  3. Үгийн баялгаа нэмэгдүүлэх аргуудаасаа хуваалцаарай

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

 

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »