Blog

HomeMoney MindsetMMM1L13. Хандлага

MMM1L13. Хандлага

ХАНДЛАГА.

Хандлагаасаа шалтгаалж хүн маш их хэмжээний мэдээллийг үгүйсгэж, тоохгүй орхидог. Маш их хэмжээний мэдээллийг өөр хэлбэрт шилжүүлж хувиргадаг.

Хандлагаасаа шалтгаалж тухайн зүйлийг ойлгож нээлттэй хүлээн авах, эсвэл тухайн зүйлийг хойшлуулах, огт тоохгүйгээр мартах эсэхээ шийддэг. Хандлагад нөлөөлдөг маш олон хүчин зүйлсүүд бий. Орчин нөхцөл, цаг хугацаа, мэдлэг, биеийн байдал, сэтгэлийн хөдөлгөөн гэх мэт.

Хэрэв та жаахан ядарсан, эсвэл уур бухимдалтай, эсвэл өглөө, орой, өдрийн аль нэгэнд тухайн мэдээлэл орж ирсэн гэх мэтчилэн таны сэтгэхүйд нөлөөлөх гадаад хүчний байдлаас шалтгаалж та яг ижил төрлийн мэдээлэлд төрөл бүрийн өөр хандлагыг илэрхийлдэг. Байнгын стресстсэн, залхуу стресстэй хүмүүс мэдээллийг хүлээн авсан ч хариу үйлдэл хийхдээ хойрго байх нь үүний нэг жишээ.

Гэтэл өглөө эрт босдог сэргэг сэтгэлгээтэй эсвэл тухайн сэдвийн мэдээлэл таны сонирхдог, хайж яваа сэдэв байвал та уг мэдээллийг хүлээн авах хандлага нь илүү сэргэг, сониуч, идэвхтэй байдлаар хандана.

Аливаа юманд ханддаг хандлага нь гутрангидуу талдаа бол хэрэгтэй мэдээлэл хүний тархинд хүрч ирсэн ч мөн л сөрөг бодлыг нь өдөөж сөрөг мэдээллийг хариу болгон цацах жишээтэй.

Гэтэл юмыг сурах хүсэлтэй, өөдрөг үзэлтэй хүн бол хичнээн сөрөг төрлийн мэдээлэл хүлээн авсан ч, түүнээс бий болох эерэг үр дүнг товойлгон гаргаж ирж илэрхийлдэг.

“Та нэг юмыг яаж хийнэ, бүх юмыг тэгж хийнэ” гэж Т Харв Экер ярьж хэлдэг. Хандлага бидний ердийн үед ямаршуухан хэлбэр маягаар ханддаг, түүнийгээ л ямар ч үед барих шинж чанар гаргадаг гэдгийг илэрхийлж байна.

Нөгөө талаар, хандлага бол таны ерөнхий дадал хэвшилийн нэг хэлбэр юм.

Бас нэг утгаар хэлбэл, хандлага бидний огт бодохгүйгээр автоматаар хийдэг арга барил чиг хандлагыг ч илэрхийлж чадна. Дандаа л нэгэн хэлбэрийн хандлага баримталж хийж зуршсан бол бид одооноос түүнийгээ нэг харж өөрчилж шинэчлэх нь таны тархинд орж ирдэг мэдээллийг арай өөр аргаар хүлээн авч өөрчлөхөд ч бас нөлөөлж чаддаг байх нь.

Хандлагаа өөрчилж, хэлбэр маягаа сонжиж ухамсартайгаар шилж сонгож агшин тутамд сэтгэлгээгээ дайчилж сонголтоо хийж, үйлдэл өөрчлөх нь та бидний тархиний өдөр тутам эргэлддэг мэдээллийн чанар чансааг сайжруулах нь байна.

Хандлага бол таны дотоод үзэл бодлыг шүүн гаргах нөлөөний нэг хэлбэр юм. Энэ хөтөлбөр дээр миний өгч байгаа мэдээлэл, видео, агуулга дээр ч гэсэн таны хандлага яг ямар байхаас асар их өөр нөлөө хариу үйлдэл нь өөр өөр гарах нь дамжиггүй.

Та өөрийн гаргаж буй хандлагандаа ажиглалт хийгээд үзээрэй. Хандлагаа өөрчлөх нь танд асар хүчтэй нөлөөлнө. Өнгөрсөн амьдралынхаа талаар ч бас хандлагаа өөрчлөх гээд үзээрэй.

а. Бясалгал хийх. Хандлагаа сайжруулж, аливаа юманд хүлээцтэй, олон талаас нь өөдрөгөөр харж сурахад бясалгал асар их нөлөөлдөг. Стресс бухимдал таныг харалган болгодог. Бясалгал хийх, гүн амьсгаа авах нь таны тархинд орж ирсэн мэдээллүүд таныг удирдах биш, та тэдгээр мэдээллүүдийг удирдах орон зай, эрх мэдлийг өгдөг. Өдөртөө 10 минут бясалгал хийгээд дадаад эхэлвэл таны хандлага харьцангуй тайван, илүү өөртөө итгэлтэйгээр асуудлыг харж зохицуулахад тус болно.

б. Ажигла. Хандлагаа та ажигла. Өөрийгөө ажигла. Таны хандлагыг ийм болоход нөлөөлдөг зүйлсүүд юу юу байдгийг нь анзаар. Энэ нь таныг өдөөж өгдөг, зарим нэгэн зүйлсийг олж илрүүлэхэд, танд гаднаас нөлөөлдөг тэр нөлөөллүүдийг танихад тус болно. Дээр нь мэдээж, та өөрийгөө өөрчилж хөгжүүлэхэд маш тусатай. Та ямар нөхцөл байдалд яаж хандаж байна? Яагаад? Юуны төлөө? Таны хүссэн зүйл мөн үү? Биш бол, юугаараа биш байна? Юугаараа зөв байна?

Ажиглаж олж авсан зүйлс дээрээ тулгуурлаад одоо байгаа бүх зүйлдээ хандах хандлагаа өөрчлөх гээд үзээрэй.

Жишээлбэл, орой хураахдаа яарч, хам хум хийдэг байсан бол жаахан эвтэйхэн цаг гаргаад сэтгэл гаргаад хайраа шингээж инээмсэглэж хураах.

Хажуугаар нь тоохгүй өнгөрдөг байсан худалдагч руу хараад инээмсэглэх, тоохгүй ойшоодоггүй байсан юм руугаа сониучирхаж жаахан харж ажиглах гэх мэтээр, таны хийж буй үйлдэл бүр дээр бид урьд нь ханддаг байсан хандлагыг өөрчилж болно.

Хандлагаа өөрчлөх энгийн энэ дасгал дангаараа таны өдөр тутмын амьдралд өрнөж буй үйл явдалыг гайхалтай ид шидийн мэт өөрчлөх увдистай. Та элдэв юманд санаа зовохгүйгээр сэтгэл гаргаад нэг оролдоход л үр дүн нь дороо мэдрэгдэх болно.

в. Асуулт асуух.  Өөрөөсөө асуулт асуух нь таны харж буй өнцөгийг, анхаарал төвлөрөх зүйлсийг тань өөрчилж өгдөг.

Энэ нөхцөл байдал надад таалагдаж байна уу?

Юу нь надад таалагдахгүй байна?

Би юу хүсч байна?

Хэрэв би яг энэ хандлагаараа хандаад байвал ямаршуухан нөхцөл байдлыг бий болгох вэ?

Энэ миний хүрэхийг хүсч буй, бүтээхийг хүсч буй орчин нөхцөл мөн үү?

Энэ нь миний хувьд юу гэсэн үг вэ?

Энийг өөрөөр яаж ойлгож болох вэ?

Энэ талаар би сайн мэддэг бил үү?

гэх мэтээр асуултууд таны аливаад хандах хандлагаа өөрчлөхөд арай өөр уур амьсгал, цоо шинэ ойлголтыг үзэл бодлыг бий болгодог. Асуултууд таны байгаа байдлаас гарах гарцыг олж харахад чиглүүлж өгдөг.

Дасгал 4. Хандлага, Анхаарал төвлөрөл – Бэрхшээл Боломж Амжилт

Доорх хүснэгтийг бөглөнө үү. Эхлээд Бэрхшээл гэсэн эгнээнд өөртөө яг одоо тулгарч буй бэрхшээлүүдээ бичээрэй. Анхаарлаа төвлөрүүлж байгаад, танд байнга бодогддог хамгийн их саад мэт бодогдож байдаг бүх бэрхшээлүүдийг жагсааж бичээрэй.

Дараа нь та Боломж гэсэн эгнээг бөглөх болно. Бэрхшээл бичсэн эгнээн дэх бэрхшээлийг шийдэхэд ашиглаж болохуйц боломжууд юу юу байгааг энэ хүснэгтэнд бодож олж, өөрийн хариултуудыг бичиж тавиарай. Шийдэх боломжгүй бэрхшээл гэж үгүй. Ямар ч хүнд асуудал бэрхшээлийн хариулт нь танд байнга байдаг гэдгийг санаж энэ хүснэгтийг бөглөхдөө анхаарлаа төвлөрүүлж ажиллаарай.

Хамгийн сүүлд нь та Амжилт эгнээг бөглөж эхлэх бөгөөд энэ эгнээнд тухайн бэрхшээлийг шийдэхийн тулд боломжуудыг нь ашигласны үр дүнд гаргаж болох амжилт эсвэл гаргахыг зорьж буй үр дүнгээ бичээрэй.

Энэ дасгал таны амьдралд тулгараад буй Бэрхшээлээр дамжуулж анхаарлаа хэрхэн зөв төвлөрүүлсэнээр Боломжуудыг, цаашилбал Амжилтаа төлөвлөж болохыг таны сэтгэлгээг тэлэхэд зориулсан юм.

Дасгалаа үнэхээр сэтгэл гаргаж анхаарлаа төвлөрүүлж хийсэн хүн л ид шидийг нь мэдэрдэг гэдгийг хэзээ ч бүү мартаарай.

ДАСГАЛАА ХИЙХ ДАСГАЛЫН PDF ФАЙЛАА ТАТАЖ АВАХ

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юуг илүү сайн ойлгож авч суралцсан бэ?
  2. Та өөрийнхөө хандлагыг шинжиж байсан уу?
  3. Хандлагаа өөрчлөх эдгээр аргуудаас туршиж үзэхэд ямар өөрчлөлт гарч байна вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »