Blog

HomeMoney MindsetMMM2L03. Гурвалжин Жүжиг

MMM2L03. Гурвалжин Жүжиг

ГУРВАЛЖИН ЖҮЖИГ

Энэ хэсэгт би танд доорх зүйлсийг ярилцана.

“Карпманы гурвалжин жүжиг”-ийн тухай танилцуулга

“Карпманы Гурвалжин жүжиг” хэрхэн өрнөдөг тухай

Карманы жүжгийн дүрүүд

Гурвалжин жүжгийг шийдэх, амьдралд хэрэглэх аргууд

Хувь хүний хариуцлага хүлээхийн чухлын талаар танд танилцуулах болно.

Төгсгөлд нь бид танд сэтгэлийн шархаа эдгээх 7 чухал асуулт дасгалыг өгөх болно.

“Карпманы гурвалжин жүжиг” хэмээх энэ сэтгэлзүйн онол анх Стевен Карпманы бүтээл бөгөөд Эрик Берне-ийн “Хүмүүсийн тоглодог тоглоомууд” номны хэсэгт хэвлэгдэн гарсан юм. Эрик Берне-ийн энэ арга 1968 оноос хойш, олон сая хүмүүсийн хоорондох харилцааны эрүүл сэтгэхүй, сэтгэлийн хөдөлгөөнийг бүрдүүлэхэд гайхалтай чухал түлхүүр хүч болсон учраас “Миний Бизнес” онлайн дасгалжуулалтын хөтөлбөртөө энэхүү аргыг танилцуулах нь зүйтэй гэж үзлээ. Хүмүүс хоорондох харилцааны хурц өрнөл, будилаан зөрчилдөөнийг гайхалтай уран аргаар үзүүлж чадсан юм. Хүмүүстэй харилцах харилцаа таныг хаа явсан газар тулгарч байгаа, тулгарсаар ч ирсэн, ирээдүйд ийм харилцааны асуудал тулгарах ч болно.

Гурвалжин жүжиг Монголын нийгэмд хаа сайгүй маш их тохиолддог учраас би танд зориулж энэ хөтөлбөртөө чухалчилж оруулж байгаа юм. Анзаарахгүйгээр маш олон ижил иймэрхүү гурвалжин жүжгийн бүх дүр тоглосоор үүнийхээ голд будилсаар яваа олон зуун мянган хүмүүс бий. Энэ хөтөлбөрт оролцож байгаа та эдгээр хүмүүсийн тооноос хасагдаж, эсвэл орсон байсан ч хэрхэн гарах аргаа мэддэг болно гэдэгт итгэлтэй байна.

Одооноос олон жилийн би гурвалжин жүжигт өөрийн мэдэлгүйгээр маш их тоглодог байлаа. Гурвалжин жүжиг их тоглодог хүмүүстэй тулгарах тоолондоо би өөрийгөө нэг бол хохирогч, нэг бол бусдад туслах гэсэн сэтгэл маань огт утга учиргүй замхран алга болсонд нь шантарч, эсвэл бүүр уурлан бухимдаж, өс санаж хэрүүл маргаанд нь хутгалддаг байлаа. Энэ бүх жүжиг болж дууссаны дараа би болсон явдалд үнэхээр бачимддаг. Бухимдах тоолондоо өөрийгөө хэн ч биш, сул дорой амьтан болохоо олж хардаг байсан юм.

Одоо харин би энэ гурвалжин жүжгийн онолыг мэддэг болсоноос хойш хэрхэн яаж ийм асуудалд өртөхгүй байхаа мэддэг болсон, бас үүнээс маш ихийг ухаарсан. Сэтгэлгээний ядуурлын хавханд өртөх нь жирийн амьдралын нэг хэсэг. Өртөөгүй хүн гэж бараг байхгүй гэж хэлж болно. Хэрэв гурвалжин жүжигт орооцолдох нь бага бол сэтгэлзүйн дарамтгүй эрх чөлөөтэй амьдрах арга замуудыг олж харах болно. Миний үйлчлүүлэгчдийн дунд нилээн олон хүмүүс яг энэ гурвалжин жүжгийн хохирогч болж шаналж байснаа хуваалцдаг. Энэ аргыг нэгэнт эзэмшээд өөрийн болгоод авчихвал та бусадтай харилцах харилцаандаа арай өөр арга хэрэглэх нь дамжиггүй.

Бид төрөлхийн бусдад тусалж сайн зөв юм хийчих юмсан гэсэн өдөөлттэй амьдардаг. Сайн юм хийж бусдад туслах хүсэлтэй хүмүүс өөрийнхөө бүх байгаа хүч чадал боломж нөөцөө ашиглаад бусдад туслахыг хүсдэг. Харамсалтай нь туслаад өгсөний дараа Баярлалаа гэдэг үгнээс өөр төрлийн хариултыг бид маш олон тохиолдол олон бий. Зарим хүмүүс тусламж авсан ч сэтгэл нь хэзээ ч ханадаггүй, байнга л гомдоллож явдаг шүү дээ. “Хувалз” шиг хүмүүс гэсэн тодотголыг миний нэгэн үйлчлүүлэгч хэлж байсныг санаж байна.

Заримдаа бид өөрсдөө яг иймэрхүү хувалз шиг дутмаг сэтгэлээр амьдардаг, хүмүүс туслаад байхад байхгүй байгааг нь л тоочиж, нэг хүнээс нөгөө хүн рүү өрөвдөлтэй царайгаа өөрийн эрхгүй гаргасаар байдаг. Бас зарим үед бид шударга бус зүйлс өрнөж байгаад уурсан бухимдаж, шийтгэл өгнүүлж дайрч давшлах нь ч бий. Шударга бусыг устгах зорилгоор аашилж байгаа нь зөв юм шиг боловч, зарим талаар энэ нь биднийг хэр гэнэн, тэнэг болшимгүй аашилж байгаагаа ч харах сөхөөгүй болтолоо сэтгэлийн хөөрөлд оруулдаг.

Харамсалтай нь иймэрхүү харилцаанууд хаа сайгүй төгсгөл байхгүй өрнөх нь бий. Жишээлбэл,

Гэр бүлийн хүчирхийлэл дотор ч хохирогч, аврагч, шийтгэгчид бүгд бий. Хэзээ ч дуусахгүй гэмээр гурвалжин дөрвөлжин маргааныг та олноор нь харсан байх.

Жирийн гэр бүл дотор ч бид нэг нь юу ч хийж чадахгүй, ажилгүй чадваргүй мөнгөгүй сул дорой болж тоглож байхад, нөгөө нь туслах гэж мөнгөөр хангаж хамаг энерги эрч хүчээ зарцуулна, бас тэгтэл хэн нь бурууг шүүн хэлэлцэж үг хаяж эрх тэгшийг хөгжүүлэх гэж маргалдана.

Найз нөхдүүдийн дунд энэ асуудал бас өрнөдөг. Жишээ нь найз охидууд хоорондоо үерхдэг залуугаа маш их ярьдаг шүү дээ. Гэтэл нэг нь найз залуугаа яаж өөрийг нь зовоож байгааг ярьж гомдоллоно. Дараа нь найз охидууд нь найз залууг нь хамтдаа идэж уухдаа загнаж үг хаяна. Найз охидуудаа явмагц нь нөгөө бүсгүй маань найз залуудаа найз охидуудаа муулж ярина. Найз залуу нь найз охидуудад нь хариу уурлаж дургүйцдэг болно. Иймэрхүү жүжигийг бид найз нөхдүүдийн дунд хаа сайгүй хардаг.

Байгууллагын дотор ч энэ асуудлууд янз янзаараа өрнөдөг. Ажлаа хийж чадахгүй сул дорой нэгэн байхад, үр дүнгүй ажлын цагийг хийдүүлдэг нөхдүүд нэг хэсэг, ажлаа өөд татах санаатай шүүмжилж бухимдаж явах бас нэг хэсэг бий. Харамсалтай нь ажлын байранд энэ гурвалжин жүжиг улам будилаантай оршдог. Хэрэв танд иймэрхүү асуудал тохиолдож байгаа бол энэ видеоны дараа дүгнэлт хийгээд тунгаан үзээрэй.

Одоо та бид бизнес хийхээр зэхэж, эсвэл одоогийн бизнес чинь бас л иймэрхүү гурвалжин жүжигт асар их өртөж байгаа байж ч болох юм, өнөөдрөөс хойш бизнесийн орчинд ч, гэр бүлийн орчинд ч, нийгмийн орчинд ч, найз нөхдийнхөө дунд ч энэ аргыг хэрхэн хэрэглэж болох талаар өөрөөсөө асуугаад үзээрэй. Бүх юманд боломж байгаа гэдгийг санаарай.

Карпманы гурвалжингийн анхны үүсэл нь 2 хүний хоорондох зөрчилдөөнийг 3 дагч этгээдийн тусламжтайгаар шийдэх гэсэн оролдлого юм. Аль нэг нь хохирогч болсон байх агаад, шийтгэгч хайж эсвэл өөрөө шийтгэгч болон хувирч аврагчийг зөрчилдөөндөө урвуулан оруулсанаар 3 хүний зөрчилдөөн дээрээс бүрдсэн гурвалжин харилцааг бий болгох үйл явц юм.

Хэн нэгэн хүн болсон явдалын төгсгөлд хохирогч болсондоо тусламж хайж Аврагч хайна. Аврагчид хамаг зовлонгоо тоочно. Аврагч хохирогчийг аврахын тулд шийтгэгч болон хувирна. Шийтгэгч хохирогчийг хохироосон хүн рүү дайралт хийнэ. Хохирогчийг хохироосон гэгдэх хүн маань харин одоо гэв гэнэт бусдын халдлаганд өртсөндөө хохирогч болон хувирна. Хохирогч болсон учраас мөн л аврагч эсвэл шийтгэгчийг хайж асуудал шийдэхийг эрэлхийлнэ. Хохирогч болсон хүн зүгээр суухгүй нь ойлгомжтой. Энэ удаад өөрийгөө хохироосон этгээдийг шийтгэхээр бас нэгэн үйлдэл хийнэ. Шийтгэлийг хүртсэн этгээд мөн л хохирогч болох бөгөөд аврагч хайна. Бусдад туслах сайхан сэтгэл гаргаж буй хэн нэгэн нь аврагч болон гурвалжин жүжгийн бас нэгэн урхинд автана.

Эдгээр харилцаа нь 3 хүний харилцаа мэт боловч 3 өөр сэтгэлийн хөдөлгөөнийг нэг хүн илэрхийлэх ч нөхцөлүүд олон бий. Харилцагчид өөр хоорондоо шууд харилцахаас зайлсхийж тухайн асуудлыг өөр тийш шилжүүлэх үед гурвалжин харилцаа бий болдог. Тэд өөрсдийн үзэл бодлыг гуравдагч өөр нэг хүний оролцоог хайхад бий болдог гэсэн үг. Хов жив, дам яриа, шүүмжлэл, далдуур муу санаа гэх мэтийн сөрөг харилцааны хандлагуудыг дэмждэг. Энэ бол тухайн нийгмийн бохирдол, асуудал бэрхшээлийг дэмжин хөгжүүлэгч бөгөөд хүний энерги эрч хүчийг мухардуулагч юм.

Карпманы Гурвалжин жүжгийн дүрүүд,

Бид бусдыг өөрөөсөө дээр доор үзэж харах сэтгэлгээний орчинд гурвалжин жүжгийг бүтээдэг. Хэрэв хүн өөрийгөө бусдаас доогуур гэж харвал хохирогчийн жүжиг тоглодог, бусдаас дээгүүр гэж харвал аврагч эсвэл шийтгэгчийн дүрд тоглодог. Кармпаны гурважин жүжигт ялагч гэж байдаггүй. Эрүүл сэтгэлгээтэй, эрх чөлөөтэй бизнесийн харилцаанд харилцан ялалт авчрах нөхцөлийг тус бүртээ гаргаад зогсохгүй, дор бүртээ хариуцлага хүлээх ухамсартай, бие даасан чадвартай байх нь хамгийн чухал юм.

Хохирогч – Хохирогчид өөрийгөө буруутай гэж боддоггүй. Бид бүгд зарим үед хохирогчийн дүрд тоглодог. Зарим хүмүүс үргэлж бусдын хийсэн үйлдэлийг буруутгаж, гомдоллох боловч өөрөө юунд ч буруу хүлээхийг хүсдэггүй, өрөвдөлтэй хүний царай гаргадаг бол хохирогчийн дүрд илүү их тоглодог байж болзошгүй.

Тэд өөрсдийн амьдралд тохиолдсон асуудалд хариуцлага хүлээхээр юм хийгээгүй гэж үздэг. Нөгөө талаар хохирогч нь шийтгэгчийн халдлагад өртсөн байж болох дүр төрх. Хохирогчид ихэвчлэн “Би ч өрөвдөлтэй хүн юм” гэсэн сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг.

Өөрийгөө өрөвдсөн, хавчигдсан, хий нь гарсан, яах ч аргагүй болсон, найдваргүй, ичиж санаа зовсон, бүрэг, шийдвэр гаргах чадваргүй, хүчгүй, дорой, асуудлаа шийдэж чадахгүйгээ хүлээн зөвшөөрсөн байр байдалтай байдаг. Хэрэв хохирогч шийтгэгдсэнээс хохироогүй бол шийтгэгч хайж хохиролоо нөхөх сөрөг байршилаас гарах оролдлого хийнэ.

“Надад туслаад өгөөч”, “намайг авраач”, “надтай хамт байгаач”, “намайг хайрлаач”, “намайг залаад туслаад өгөөч” гэх мэтийн үг хэлж байгаа мэт энергийг цацдаг. Тэд бий болсон хохиролыг томруулж, дэгсдүүлж ярьж өрөвдөлтэй байдлаа тодоор дүрсэлж бусдын анхаарлыг татахыг эрмэлздэг.

Карпманы хэлсэнээр бол Хохирогчийн харамсал, гомдол нь гурвалжин жүжгийг асаах шударга бус жүжгийн эхлэл байдаг. Та ч бас яг ийм хүмүүсийг олноор нь харсан байх. Дандаа л харсан болгоноо муулж, гомдоллож байдаг хүмүүс байдаг шүү дээ. Хохирогч бол ядуу сэтгэлгээний нэг хувилбар.

Шийтгэгч – Шийтгэгчид ихэвчлэн хохирогчийн онилсон бай мэт хатгуурт өртсөн хүн. Шийтгэгчийн өдөөлт нь шударга бус явдалыг дуусгавар болгох гэсэн хандлага.

“Энэ чиний л буруу!” гэсэн үндсэн хандлагатай агаад, асуудал зөрчилдөөнийг хянах бодлого баримталж, шүүмжлэх, буруутгах, ууртай, эрх мэдэлээр түрий барьсан, давуу хүч түрсэн, дамгайлсан, хатуу чанга, шаргуу зан чанарыг илэрхийлнэ. Шийтгэгчид хохиролоо барагдуулах гэж уур бухимдал, түрэмгий хандлагаар авирлаж байж ч болно.

Аврагч – Аврагчид нь бусдыг аварч “Баатар” дүр эсгэх хүмүүс. Аврагчид хохирогчдийн өөрсдийн байгаа байдалд ямар чадваргүй сул дорой нэгэн гэдэгт итгэнэ. Тусламж үзүүлэхдээ хохирогчийн хэлж байгаад ямар нэгэн сэжиг төрөхгүйгээр гэнэн итгэж туслалцаа өгөхийг яарах нь бий.

“Би туслаад өгье” гэсэн хандлагаар гурвалжинд байршил эзэлнэ. Аврагч дараа нь харамсахгүйн тулд эсвэл хувийн сэтгэлийн хэрэгцээндээ хөтлөгдөж хохирогчийг аврах нь олонтаа. Аврагчдийн байр суурь бол ихэвчлэн өөрийн хувийн асуудлаа шийдэхээс зайлхсхийж бусдын асуудалд ийнхүү орооцолддог дадал бий.

Аврагчид тусламж үзүүлэхдээ бусдад туслах гэж буй мэт огт хариу нэхэхгүйгээр үйлдэл хийж буй мэт өнгөн дээрээ харагдах боловч амьдрал дээр тэд бусдад таалагдах гэсэн, үнэлэл талархал, нэр хүнд, бахархал олж авахын тулд бусдад туслах гэж хөөцөлддөг тал ч бий.

Гурвалжин жүжиг яаж өрнөдөг вэ гэвэл,

хохирогч аврагч руу очиж, шийтгэгч яаж хэцүү байдал бий болгочихоод байгааг батлах мэдээлэлийг хүргэнэ. Эндээс жүжиг хаашаа ч эргэж мэднэ. Аврагч ямар нэгэн хүч чадалтай байр сууринд байвал хэрэв хохирогчийн өгсөн мэдээлэл шударга бус үйл явдал, энэрэнгүй нинжин сэтгэлийн утсыг сайн хөндөж хутгаж чадвал аврагч өөрийнхөө бүх хүч чадлыг далайх магадлалтай. Аврагч магадгүй хохирогчийн өгсөнийг баримтжуулж шийтгэгчтэй халз тулах ажил зэхнэ. Аврагч шийтгэгчид өс хонзон санаж дайралт эхлүүлнэ. Эсвэл аврагч хохирогчийн хохиролыг нөхөхийн тулд ямар нэгэн юм хийхээр төлөвлөж ч магадгүй.Иймэрхүү байдлаар олон янзын хэлбэртэй энерги өгч авалцах агаад үүний төлөө маш их мөнгө, цаг, эрч хүч зориулах нь бий. Үүн дээр нэмж хэлэхэд аврагчид хэзээ ч жинхэнэ баатрууд байдаггүй. Тэд хов живийг даамжруулдаг. Магадгүй хов живэнд дуртай байж ч болно. Аврагч нь өөрөө хохирогч болох нь ч бий, шийтгэгч болох тохиолдол ч бас бий.

Гурвалжин жүжгийг хэрхэн зогсоох вэ?

Хариуцлага хүлээ. Овоо босгоогүй бол шаазгай суух газаргүй гэж бид ярьдаг. Бид бүгд өөр өөрийн хийсэн үйлдэлийн эзэн болж байж л тухайн амьдралын ноцтой асуудлыг шийдэх аргаа олж авдаг. Бид цагийн юмыг цагт нь хийгээгүйгээс, хэлээгүйгээс, хэлэлцэж тохиролцоогүйгээс, урьдчилан тооцоолоогүйгээс тодорхой хүнд нөхцөлийг бий болгодог. Тэр ноцтой байдлаас гарах хамгийн тохиромжтой хувилбар бол тэр хүн өөрөө. Тэр хүн өөрийнхөө хаана ямар алдаа гаргаад энэ нөхцөлийг бүрдүүлсэнээ ойлгож ухаарч, түүнийхээ өмнө хариуцлага хүлээх мөчөөс л тухайн нөхцөлийг дахин давтагдахгүйгээр шийдэж болох боломжуудыг олж харж хэрэгжүүлж эхэлдэг. Ямар ч хүн бусдын өмнөөс шийдвэр гаргаж, хариуцлага бүрэн үүрэхэд иймэрхүү зөрчилдөөн үүсэх магадлалыг бүтээдэг.

Хэн ч танаас доогуур биш, хэн ч танаас дээгүүр байгаа юм биш гэдгийг сана. Бид бүгд өөр өөр хүмүүс, гэхдээ хэний ч дээр, хэний ч доор байгаа гэсэн үг биш. Хэн нэгэн хүн танаас доогуур гэж бодвол, та аврагч эсвэл шийтгэгч болно. Хэн нэгэн хүн танаас дээгүүр байна гэж харвал та хохирогч мэт жүжиглэх аюул бий. Бүх хүн өөр өөр чадвартай, өөр өөр нөөц бололцоо ур чадвартай. Тэд өөрсдийн юм мэддэг, юу сурсан, юунд чадвартай түүнийгээ л ашиглаж байгаа.

Бусдыг өөрчлөх гэж бүү оролд. Бусдад туслах нь зөв мэт боловч бид бусдын амьдралыг өөрчлөх гэж тэр хүний асуугаагүй юмыг хийх нь ч бий. Бид тархиндаа хэтрүүлж төсөөлж ойлгосон байж ч болох юм. Хүн болгоны өөр өөрийн амьдралаа удирдах чадвар нөөц нь хангалттай өгөгдсөн байдаг. Түүнийгээ ашиглахыг татгалзаж байгаа хүн өөр хэн нэгний нөөцийг ашиглаад авралыг олж чадахгүй. Тэр хүн өөрийгөө аварч сурах нь аврагчийн жүжигт тоглохгүй хамгийн төгсгөлийн гайхалтай гарц.

Гарч буй хор уршигийг тодруулах. Хохирогчийн ярьж буй гомдол ихэвчлэн баримтгүй дэгс яриа байх нь бий. Хов живийн дэгс яриа бодит гарч буй хор уршигийг илрэл байдаггүй. Хохирогчийн гаргаж ирсэн хор уршиг ч бас тодорхойгүй, сэтгэлийн хөдөлгөөн төдий өрнөлөөр илэрхийлэгдэх нь ч бас бий. Аврагчийн зүгээс ч бас аврах гэж өдөөлт хийсэн боловсруулсан мэдээлэл ч бас бодит үндэслэл дээрээс бий болоогүй байх нь бий. Шийтгэгч ч мөн адил ямар нэгэн хор уршигийг бүрэн судалж мэдээгүйгээр яаран дүгнэлт хийсэн бухимдал төдий байх магадлал өндөр. Тиймээс хор уршигийг нь аль аль талаас нь сонсоод тодруулга хийх нь таныг сэтгэлийн хөдөлгөөний давалгаанд өртөхөөс хамгаална.

Хохирогчийг аврахаас татгалзах. Хүн бүр өөрийн гэсэн нөхцөл байдлыг бүтээдэг. Хүн тусламж гуйж байхад туслахгүй амиа бодох нь муухай мэт танд бодогдож магадгүй. Тийм учраас л ихэнх хүмүүс амиа бодсон хүн болж харагдахгүйн тулд хохирогчийг аврах оролдлого үзүүлэх хавханд ордог. Овоо босгоогүй бол шаазгай суудаггүй гэж хатуу атлаа үнэн үг бий. Хэрэв та бусдад “Үгүй” гэж хэлж сураагүй бол доорх хэдэн үгнүүдийг ашиглах гээд үзээрэй. “Би таны энэ асуудалд оролцох нь дэмий гэж бодож байна.”, “Би таныг өөрөө тэр хүнтэйгээ нь нүүр тулж ярилцвал илүү үр дүнтэй гэж бодож байна.”, “Та тэр хүнийг буруу ойлгосон байж магадгүй юм.”, “Та энэ асуудлаараа мэргэжлийн туслалцаа авсан нь дээр юм шиг байна. “, “Та иймэрхүү зэргийн асуудлыг өөрөө шийдэх чадвартай гэдэгт би итгэж байна”

Бүх талууд оролцсон уулзалт хийхэр төлөвлө. Уулзалтанд та аль нэгний талд орж, хамгаалж, дайралт хийхээс зайлсхийгээрэй. Та аврагч ч биш, шийтгэгч биш, хохирогч ч биш. Харин гурвалжин харилцааг ажиглагчийн байр сууринаас хандаж хэн яг юу хүсээд байгааг сонсох нь энэ гурвалжинг устгах боломжийг олж харахад тань туслах болно. Эс бөгөөд энэхүү гурвалжин дараагийн түвшингийн шинэ гурвалжинг бүтээж эхлэх болно. Гурвалжингийн аль ч хэсгүүдэд бэрхшээлийг нь шийдэх боломжууд хаа сайгүй нуугдаж байгаа гэдгийг бүү мартаарай. Хохирогч яг юунд хохирол авсан, хохиролоо нөхөх арга нь юу байна? Аврагч яг юуны төлөө зүтгэв, юу хийж, ямар аргаар зүтгэв, ямар үр дүнг бий болгохийг зорив? Шийтгэгч, юунд бухимдав, үүнийгээ илэрхийлэх арга нь зөв байсан уу? Өөрөөр яаж үүнийг шийдэх арга олох вэ? Хэн нэгнийг илт буруутгаж шүүмжлэхээс зайлсхийгээрэй, хүнийг нь биш хийсэн үйлдэл, арга барилийг нь өөрчлөхөд нь боломжууд олохыг бодоорой. Хэрэгтэй бол цаасан дээр, самбар дээр схем зураг зураад бүх хүн хоорондох харилцааг тодруулах гээд үз.

Уур бухимдалыг сониуч зангаар орлуул. Уур бухимдал, сониуч зан нэгэн зэрэг тогтдоггүй. Болсон явдалд уурлах хүн мундахгүй бий. Уурлаж байгаа хүнтэй, эсвэл та өөрөө юун дээр уурлаж байгаагаа арай өөр аргаар өөрөөсөө асуугаад үзээрэй. “Юу гээд ойлгосон юм бол?”, “Та юу гэж бодсон?”, “Таны яг юу гэж хэлсэнийг юу гэж ойлгосон гэж бодож байна?”, “Та яг энэ үгээ өөрт нь хэлсэн үү?”, ”Хэрэв та оронд нь байсан бол яг юу хийх байсан бэ?”, “Та тэр хүнийг юу хийлгэх гэж үүнийг хэлсэн юм бэ?”, “Юу гэж ойлговол зөв байх бол?”, “Яавал үүнийг зөв зохицуулах вэ?”

Шүүмжлэлийг ашиглаж өөрчлөлт хий. Гомдоллож байгаа хүнийг энэ гомдолоо дахин давтахгүйн тулд ямар нэгэн өөрчлөлт хийхийг нь асуу. Шүүмжлэл болгон өөрчлөлт хий гэсэн дохиог өгдөг. Шүүмжлэлийг ямар зорилгоор яаж ашиглахад олон мянган хувилбарууд бий.

Хөгжилтэй орнуудад ажлын байранд гурвалжин драма үүсгэхээс болгоомжилдог. Ялангуяа асрагч, сэтгэл зүйч, цагдаа, консул гэх мэт эрх мэдэл бүхий бусдыг аврах, халамж тусламж үзүүлэх ажил эрхэлдэг ажилчдад мэргэжлийн ёс зүйг сайн сургаж зааж өгдөг.

Ингэснээр хохирогч гэгдэх хүний тоглоомонд өртөхгүй, өрөвдөж, шүүмжилж, нэг талыг баримталж, сэтгэлийн хөдөлгөөнөөр хариу үйлдэл хийх, ажил мэргэжлийн байр суурийг хэт давуулан ашиглах, гуйвуулахгүйгээр мэргэжлийн үйлчилгээ туслалцаа үзүүлэхэд харьцангуй үр дүнтэй байна гэж үздэг.

Миний зорилго бол үүнийг ашиглаж гурвалжин жүжигт хэт автагдахгүйгээр, гэр бүлийн асуудлыг шийдэж, бизнесийнхээ асуудлыг ч мөн иймэрхүү гурвалжин жүжиггүйгээр шийдэх арга ухаан, ур чадвар олж авахад тань туслах явдал юм.

Карпманы гурвалжин жүжигт оролцсон хүмүүс дотор ялагч гэж байдаггүй. Оролцсон бүх хүмүүс сэтгэлдээ шархтай, уур бухимдал стрессээр дүүрэн байгаад зогсохгүй, хамаг эрч хүч энергиэ гарздах аюултай. Энэ гурвалжин хүний энергийг ховсдон сорж, устгах аюултай. Ихэнх хүмүүс өөрсдийгөө драмад дургүй гэж ярьдаг. Яг үнэндээ драмад донтсон хүмүүс маш олон байдаг. Худлаа гэдгээ мэдсээр байж баашилдаг, дэврүүлж ярьдаг, бусдын анхаарлыг татах гэж хичээдэг гэх мэт.

Энэ бүхнээс гарах нэгэн чухал арга бол хариуцлага хүлээж сурах. Бид амьдралдаа хүсээгүй тодорхой нөхцөлд байгаадаа бусдын буруу гэж батлах гэж хичээдэг. Амьдралдаа хариуцлага хүлээхээс татгалзах нь бидний амьдралд асар их энергийг гарзаддаг. Та асуудлыг буруу газраас хайж байна гэсэн үг.

Хэрэв та “Хариуцлага хүлээхийн ид шид” цахим номыг уншсан бол миний энд юу хэлж байгааг маш сайн мэдэж байгаа байх. Уншиж амжаагүй бол миний вэбсайт дээр имэйл листэнд бүртгүүлээд үнэгүй татаж авч уншаарай. Уншихдаа үнэхээр сэтгэл гаргаж анхаарлаа тавьж уншаарай.

Амьдралдаа хариуцлага хүлээгээд сурчихвал та энэ хөтөлбөрт үр дүн гаргахуйц чухал зүйлсүүдийг хийх гайхалтай нөөц бололцоог өөрөөсөө нээж чадна. Таныг хариуцлага хүлээж эхэлсэн тэр мөчөөс та өөрчлөлт хийж эхлэх болно.

Мөнгөний Сэтгэлгээ хөтөлбөрт оролцож буй оролцогч болгонд дээрх байдлаар Карпманы гурвалжин жүжигт оролцож байсан, бас үүнээс болж сэтгэлийн шархтай, гомдож явдаг, харамсаж явдаг тэр бүү хэл гашуудаг явдаг асуудлууд зөндөө байгаа нь лавтай.

Нэгэнт бид энэ модуль дээр мөнгөний бөглөөснөөс ангижрахуй гэж ярьсан болохоор мөнгө олох нь битгий хэл таны оюун ухаан сэтгэл зүрхийг шархлуулаад байдаг тэр асуудлуудыг дэлгэж ярилцая.

Сэтгэлийн шарх байгаа учраас та дотроо айдаст автаж мөнгө алдах вий гэсэндээ ямар ч амжилтанд хүрэхүйц үйлдэл алхамуудыг хийж чадахгүй байгаа юм.

Шууд харахад энэ маань мөнгөтэй огт холбоогүй юм шиг атлаа, таныг олсон мөнгийг сэтгэлийн хөдөлгөөнд автсан уур бухимдал гэмшил, хорсол, ичиж санаа зовсон тэр байдал чинь илүү их эзэмдэж байдаг учраас таны бие махбод энергийн урсгал эргэлтэнд орж чадахгүй бөглөрчихөөд байна гэсэн үг. Мөнгөний бөглөөс гэдэг маань ердөө л таны сэтгэлд бий болчихоод байсан тэр их асуудал, айдас бэрхшээлийг хэлж байгаа юм.

Дасгал 1. Гурвалжин жүжиг миний амьдралд

Гурвалжин жүжгийн дотор Хохирогч, Аврагч, Шийтгэгч 3 дүр тоглодог. Таны амьдралд иймэрхүү нөхцөл байдал үүссэн тохиолдол бий юу? Тухайн үйл явдалынхаа талаар илүү тодорхой санан дурсаж өөрийн амьдралын туршлагаасаа суралцаж, дараагийн ээлжинд иймэрхүү сөрөг үр дүн бүхий Гурвалжин жүжигт орохгүй байх арга хэмжээг авах чадвартай болоход тань тус болох зорилгоор энэхүү дасгалыг танд бэлтгэлээ.

ДАСГАЛАА ХИЙХ

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »