Blog

HomeMoney MindsetMMM2L07. Сэтгэлийн хөдөлгөөнийг удирдаж сурах 6 үе шат

MMM2L07. Сэтгэлийн хөдөлгөөнийг удирдаж сурах 6 үе шат

СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ УДИРДАЖ СУРАХ 6 ҮЕ ШАТ

Сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах 6 алхамыг одоо ярилцая.

Энэ 6 алхамыг та ямар нэгэн бэрхшээл зовлон мэдэрч, айдас санаа зоволт тулгарах үедээ ашиглаарай. Эдгээр 6 алхамыг анх суралцахад жаахан адармаатай мэт боловч, байнга ашиглаад сурчихвал таны оюун санаа тархинд хэдхэн секундын дотор болоод өнгөрдөг процесс юм. Эхлээд та үүнийг өөрийн болгож дадлагажталаа нэг бүрчлэн бодож байгаад, цаасан дээр бичээд тэмдэглэл хийгээд үзээрэй. Аажимдаа та үүнийг цаасан дээр бичих шаардлагагүйгээр дор дор нь сэтгэдэг болно гэдэгт итгэлтэй байна.

1. Яг ямар сэтгэлийн хөдөлгөөн мэдэрч байгаагаа тодруул. Та ямар нэгэн юмнаас айгаад байгаа атлаа яг юунаас айгаад байгаагаа ч мэдэхгүй, юунд санаа зовоод байгаагаа ч мэдэхгүй хий хоосон бухимддаг шүү дээ. Тэрийгээ ойлгохгүй бол бид хөл толгойгүй бүх юмыг хольж хутгаж бүх сөрөг мэдээллийг хуримтлуулах аюултай. “Би яг юу мэдэрч байна?”, “Би юунд бухимдаад байна?”, “Би юманд гомдоод байна уу?”, “Алдсандаа харамсаад байна уу?”, “Хүн намайг тоохгүй байгаад нь уу?”, “Надад эвгүй байгаад байна уу?” гэх мэтээр сэтгэлийн мэдрэмжээ тодорхойлох гээд үз.

2. Сэтгэлийн хөдөлгөөн мэдрэгдэж байгаа нь таларх. Сэтгэлийн хөдөлгөөнд буруу зөв гэж юм байдаггүй. Буруутгаад та өөрийгөө л буруутгана. Буруутгаж өөртэйгөө үнэнч байна гэж байхгүй. Ийм мэдрэмжийг өгч байгаа тархиндаа таларх. Та сэтгэлийн хөдөлгөөнөө ойлгохыг хүсч, итгэж чадвал таны өөртөө итгэх итгэлд ч асар хүчтэй хувь нэмэр оруулах болно. Эдгээр мэдэээллүүд таны дотор үнэхээр хүссэн юмаа хамгаалахын тулд, мөн үүнээс өөр арга зам чиг олохын тулд дохио болон орж ирдэгт нь баярла. Учир нь эдгээр сэтгэлийн хөдөлгөөнгүй бол та нүх байгааг ч мэдэхгүй сохор мэт мэдрэмжгүй амьдрана шүү дээ. Өөртэйгөө яриад өөрийгөө сонс, яг юу болох тайвшруул. Та өөртөө анхаарал тавьж өөрийн дотоод дуу хоолойг сонсох нь зүйтэй.

3. Сэтгэлийн хөдөлгөөн ямар мэссэж өгч байгааг сонирх. Танд ямар нэгэн юмыг хийхийг, сануулахыг, болгоомжлохыг, асуудлыг шийдэхийг, эсвэл ирээдүйд болох гээд байгаа зүйлд бэлтгэхийг сануулж магадгүй. Тэр бүү хэл, ирээдүйд үүнийг давтахгүйн тулд ямар нэгэн өөр юм сэдэхийг сануулж болзошгүй. “Энэ маань миний хувьд юу гэсэн үг билээ?”, “Би юу хүсч байгаа билээ?”, “Би юу гэж бодох ёстой вэ?”, “Би юунд итгэх ёстой вэ?”, “Энийг шийдэхийн тулд би юу суралцах ёстой вэ?”, “Үүнээс би юу суралцав?” гэх мэт. Өөртөө олон янзын асуултууд тавих тусмаа та хариултаа олох болно. Эдгээр хариултууд зөвлөн одоо ч биш, ирээдүйд хэрэгцээтэй чухал чухал хийх ёстой ажил, алхамуудыг танд сануулах болно. Амьдралын гол туршлага эндээс л эхэлдэг. Өнгөрсөн амьдралынхаа туршлагаас дүгнэлт хийж гаргаад сурсан бол та дор дор нь юу хийх ёстой гэж мэссэж өгөөд байгааг нь олоод харчихна.

4. Өөртөө итгэ. Тухайн сэтгэлийн хөдөлгөөний өгч байгаа мэссэжийг шийдэхэд танд тодорхой хэмжээний өөртөө итгэх итгэл хэрэгтэй. Хэрэв та өөртөө итгэхгүй бол сэтгэлийн мэдрэмжийнхээ өгч буй дохиог хэрэгжүүлэхээс айна. Өөртөө итгэх итгэлийг олж авахын тулд танд туршлага байгаа эсэхээ санах хэрэгтэй. Урьд нь яг иймэрхүү асуудлуудыг яаж шийдэж зохицуулж байснаа сана. Үнэнийг хэлэхэд та яг үүн шиг сэтгэлийн хөдөлгөөнийг урьд мэдэрч байсан. Одоо харин санах л хэрэгтэй. Өөртөө итгэх итгэл аливаа юмыг анх удаа биш, олон удаа хийж байснаа мэдэх үед л илүү баталгааждаг. “Урьд нь би иймэрхүү юмыг яаж зохицуулдаг байсан билээ?” Яаж үүнийг зохицуулж байснаа мэдмэгцээ түүнийг л хий.

5. Өнөөдөр ч, ирээдүйд ч үүнийг шийдэх оновчтой арга мөн эсэхийг тодруул. Хэрэв та юу хүсч байгаагаа тодорхой мэдээд, юу хийх ёстойгоо тодорхой мэдээд байгаа үүндээ хүрэхийн тулд оновчтой арга мөн гэдгээ мэдсэн л бол иймэрхүү сэтгэлийн мэдрэмж орж ирэх болгонд дор нь юу хийх ёстойгоо санаад зохицуулаад сурчихаж чадна. Бид өнгөрсөнд хийж байсан зүйлдээ итгэлтэй тухайн үедээ хийсэн ч түүнийгээ өнөөдөр хийж байгаа зүйлдээ, ирээдүйд хийх гэж байгаа зүйлдээ холбож өгдөггүй учраас л дахин ижил төрлийн мэдрэмж орж ирэхэд дахин шантрах, эргэлзэх тээнэгэлзэх зүйл болгож хувиргадаг. Нууц нь нэг л аргаа олоод юу хүсч байгаагаа тодорхой мэдэж байх юм бол тэр сэтгэлийн хөдөлгөөнөө хүсэлдээ дор дор нь хөтлөгдөж орж болдог. Та нэг удаа мэдээд ашиглаад сурчихсан бол дараагийн удаад хэд хэдэн удаа хийхэд л амархан санагддаг болчихно.

6. Сэтгэлдээ баясч, хийх ажилдаа шууд ор. Дээрх 5 алхамуудыг сайн ойлгоод авсан бол энэ алхамыг бараг бодохын ч завгүй хийгээд эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Та яг юу мэдэрч байгаагаа мэдээд, юу хүсч байгаагаа таньж мэдээд, түүнийгээ мэдрэхийн тулд юу хийх ёстойгоо мэдээд, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд өөртөө итгээд, өнөөдөр ч, ирээдүйд ч хэрэгжүүлэхэд болохуйц арга болохыг таньсан л бол танд эргэж тээнэгэлзээд байхгүйгээр хийх ажилдаа урагшаа хөдлөх болно. Ийм байдлаар ямар ч сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж орж ирсэн та даруйд нь өөрийнхөө юу хүсээд байгааг таниад л шууд үүнийгээ өөрчлөх юмыг хийх цоо шинэ дадлуудыг хуримтлуулаад эхлэх болно.

Анхны удаа миний энд танилцуулж байгааг хэрэгжүүлэхэд танд жаахан ойлгомжтой, төөрөгдмөөр санагдах байх. Гэхдээ та олон удаа олон янзын мэдрэмж дээрээ үүнийг туршаад эхэлвэл аажимдаа өөрийн болгоод авах болно.

Дараагийн хэсэгт би танд танд 10 өөр төрлийн сөрөг сэтгэлийн хөдөлгөөн дээр эдгээр аргуудыг яаж ашиглахыг заагаад эхлэхээр танд улам ойлгомжтой болох байх. Хэрэглэх тусмаа та үүнд гарших болно. Одоо танд айдас тулгарахад айж хулгаж суухгүйгээр аргаа олох гайхалтай аргуудыг хуваалцлаа. Хамгийн гол нь та үүнийг өөртөө тусгаж хэрэгжүүлэх. Ойлгохгүй, жаахан эргэлзээд гайхширч байсан ч хамаагүй яг одоо өөрийнхөө мэдэрч байгаа, айж болгоомжилж байгаа, таны санааг зовоож байгаа хэд хэдэн асуудлыг нэг бүрчлэн туршиж үзээд хариулт олох гээд үзээрэй. Ялангуяа өөрийнхөө бодлыг тулж бодож хариу өгч чадахгүй байвал цаасан дээр бичээд, эсвэл зураг зураад үзсэн ч болно шүү.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »