Blog

HomeMoney MindsetMMM4L13. Стивен Ковэй “Цагийн матриц”

MMM4L13. Стивен Ковэй “Цагийн матриц”

СТЕВЕН КОВЭЙ “ЦАГ ЗОХИЦУУЛАХ МАТРИЦ”

Хүн бүр адилхан өгөгдсөн 24 цагтаа ямар нэгэн юмыг хийж өнгөрөөдөг. Унтах, идэх, суралцах, ажиллах, амрах гэх мэт. Өнөөдөр өгөгдсөн цаг хугацаагаа хэр зэрэг өнгөрүүлж байгаагаар бид маргааш ирэх үр дүнг авчирдаг. Хувийн зохион байгуулалтыг “Цаг зохицуулах матриц”-аар харж болно.

Бид хамгийн чухал хэрэгцээтэй буюу амьдралдаа үр ашиг өгөөж ихтэй зүйлийг их хийж байж л орлого ашгаа сайжруулж чадна. Нөгөөтэйгүүр ашиг үр өгөөж муутай зүйлд цагаа их алдах тусмаа таны амьдралын хамгийн чухал хэсгүүд хямрал, цаг нь тулгамдсан асуудлууд ажлуудыг их дагуулж авчрах магадлалтай. Хийсэн юм болгон өөрийн гэсэн сайн муу үр дагаврыг авчирдаг. Бүх юм тоотой. Санамсаргүй хийсч ирдэг асуудлуудаас илүү урьд өмнө нь бидний тооцоолоогүйгээс болж хайнга орхисон ажлын муу үр дагавар илүү их бэрхшээлийг авчирдаг.

Дөрөвдүгээр бүсийн ажлууд бол чухал бус бөгөөд яаралтай бус зүйлс: Энэ нь бид ихэвчлэн огт шаардлагагүй, өөрсдөдөө хэрэгцээгүй телевиз оройжин үзэх, ойр зуурын шар сонин унших, ажлын цагийнхаа дундуур урт завсарлага авах, тамхи татах, компьютер дээр тоглоом тоглох, хов жив ярих гэх мэт үйлдлүүд орно.

Өнгөрсөн зуунд монголчуудын ихэнх нь иймэрхүү ажил хийж л өдрийг бардаг байсан нь нууц биш. Тийм учраас л өнөөдөр түүний муу үр дагаврыг бид мэдрээд зогсохгүй хүн бүр бие биенээ чичилсэн бухимдуу дүр төрхтэй, муу санаатай хүмүүс болж хувирчихаад байна. Тэр үеийн монголчууд бидний ихэнх нь чухал ажил хийхээсээ илүү олны таалалд нийцүүлэх ойр зуурын ажлаар ажлын цагаа аргацаадаг байсандаа өөрийн амьдралдаа хэрэгцээтэй үр дүнг бий болгож чадаагүй юм.

Дөрөвдүгээр бүсийн ажлуудыг бүгдийг нь няхуур бодолцож хасах тусмаа дээгүүр бүсийн ажлуудыг хийх зав гаргана гэсэн үг. Өөрөөр хэлбэл та чухал ажлуудыг хийж тодорхой үр дүнг бий болгох чадварт шилжинэ гэсэн үг. Өөртөө шаардлагагүй юмнаас зай барьж, өөрийнхөө хяналтандаа оруулж сур.

Гуравдугаар бүсийн ажлууд бол чухал бус бөгөөд яаралтай мэт санагдах төрлийн үйлдлүүд: Энэ нь биднийг чухал ажил хийж байхад ирдэг утасны дуудлага, цахим захидал, өрөөнд орж ирээд гардаг хамт ажиллагсдын зочлолууд, аяга кофе уух гэх мэт маш нийтлэг байдаг үйлдлүүд юм.

Ийм үйлдлүүд биднийг хийж байгаа ажлаас хөндийрүүлэхээс гадна ямар ч үр дүнг бүтээдэггүй энэ ажлуудын тоог аль болох багасгах тусмаа таны ажлын үр дүн илүү их гарч ирэх болно. Өөрөөр хэлбэл та дөрөвдүгээр бүсийн огт ашиггүй, ямар ч яаралтай шаардлага байхгүй ажлыг хийхгүйгээс гадна энэ бүсийнхээ яаралтай мэт санагддаг зарим нэг үйлдлүүдийнхээ үр дүн нь хараад өөрчлөлт хийж тодорхой үр дүн рүү шилжих чадварт суралцаж байна гэсэн үг. Өөртөө ашиггүй ажилд санал болгож байгаа хүмүүст “Үгүй” гэж хэлж сур.

Нэгдүгээр бүс буюу хамгийн чухал, хамгийн их тулгамдсан ажлуудын бүс: Энэ бүсийн ажлууд ихэвчлэн одоо л хийхгүй бол цаг нь тулгамдсан бэрхшээлтэй асуудлууд байдаг. Ийм бүсийн ажлыг хийхэд хүн маш их сэтгэлийн дарамтанд орж, шантрах, гутрах, барьц алдах үзэгдлүүд ажиглагддаг.

Энэ бүсийн ажлуудын тоо ихэвчлэн гурав, дөрөвдүгээр бүсийн ажлуудыг их хийсний үр дүнд улам их олширдог. Ийм нөхцөлд байгаа хүн яг галд шатаж байгаа мэдрэмж төрдөг.

Жишээлбэл: Зарим оюутан улирлын явцад хичээлээ хойш тавиад гадуур сэлгүүцээд даалгавраа цаг тухайд нь хийлгүй явж явж шалгалт дөхөөд ирэхээрээ бүгд сандралдан гүйдэг. Хэн унах, шалгарахаа л тэр үед бүгд бие биенээсээ харж эхэлдэг. Хажууд нь цагтаа юмаа хийж байсан оюутнууд шалгалтаа өгчихөөд хөнгөхөн асуудлаа зохицуулчихдагийг та бас санаж байгаа байх.

Амьдрал дээр хүн яг оюутнуудтай адилхан үйлдлүүдээ давтан хийдэг, амьдралын ойр зуурын хэрэгцээтэй юмсаа эртнээс зохицуулж чадаагүй хүмүүс гэр бүлийн салалт, ажлаас халагдах, их хэмжээний өрөнд орох гэх мэтийн үр дүнг нэгдүгээр бүсийн олон ажлыг нэгэн зэрэг зохицуулах чадваргүйдээ сэтгэлийн дарамт, хямралыг өөртөө бий болгодог. Өөрөөр хэлбэл энэ бүсийн ажлын тоо бага байх тусмаа та хямралаас холдож, эрсдэл багатай тайван амьдрал рүү шилжинэ гэсэн үг.

Тухайлбал: Бидэнд санхүүгийн хямрал хүссэн хүсээгүй л тохиолддог. Хэрэв та ажилдаа цаг бүрт нь юмаа хийгээд гаргачихдаг, нэр хүнд сайтай, захирал тань таныг үгүйд компанийнхаа ажлыг хийх бараг боломжгүй гэсэн бодолтой болсон байх тусмаа хямралын үед ажлаас халах хүмүүсийн тоонд орох эрсдэл өөрт чинь тохиохгүй.

Маш энгийн ойлгомжтой жишээ байгаа биз дээ? Нэгэнт л та хамгийн чухал зүйлсээ цагийг нь тулгалгүй хийсэн бол танд хямрал ирэх магадлал бас л бага. Өрөө төлөхөд ч ялгаагүй, хэрэв та өр зээлдэгчдээ чадах хэмжээнийхээ мөнгийг тохиролцоод цаг тухайд нь төлөөд байсан бол таны өр нэхэмжлэгч тэгж их бухимдаж хүссэн хүсээгүй цагт тань орж ирж мөнгө нэхэх байсан юм гэж үү? Ийм энгийн зүйлийг бид бүгдээрээ мэддэг атлаа хийгээгүй учраас үүндээ тохирсон үр дагаврыг өөрсдийн амьдралдаа бий болгодог.

Хоёрдугаар бүс буюу хамгийн чухал бөгөөд яаралтай биш ажлууд: Энэ бүс бол бидний хүссэн амьдралыг бүтээх ажлууд. Дээр танилцуулсан нэг, гурав, дөрөвдүгээр бүсийн ажлууд бүгд ямар нэгэн муу үр дагавар дагуулдгийг судалсан. Хэрэв та дөрөвдүгээр бүсийн огт шаардлагагүй, цаг хугацааны гарзны ажлууд, гуравдугаар бүсийн яаралтай юм шиг атлаа огт хэрэгтэй үр дүн байхгүй ажлууд, нэгдүгээр бүсийн цаг нь тулгамдсан чухал ажлуудыг хийхээ багасгасан бол өдрийн 24 цагийн ажил тань ихэвчлэн хоёрдугаар бүсийн ажил хийхэд л зарцуулагдана гэсэн үг.

Энэ бүсийн ажлууд танд чухал гэх бүх л ажлыг оруулна. Амрах, идэх, дасгал хийх, суралцах, ажиллах, хайрлах, халамжлах, хуваалцах, засах, бүтээх бүх ажлууд таны амьдралд өөрийн гэсэн эерэг үр дүнгээ авчирдаг. Жишээ нь: Ажил дээрээ өдөр бүр хамгийн сайн бүтээлтэй ажиллаж чадвал танай захирал ажлаас тань халж гэв гэнэтийн аюул ирэхгүйгээс гадна цалинг чинь өсгөх орлогыг тань нэмэгдүүлэх сайн талтай.

Эрүүл хүнсээр өдөр бүр өөрийгөө тордож, бие чийрэгжүүлэх дасгал хийж явбал гэв гэнэт хүнд өвчин тусах магадлал бага байхаас гадна та улам л залуужиж жавхаалаг алхах болно. Эхнэр хүүхдүүд гэр бүлийнхнийгээ өдөр бүр халамжилж, тэдэнтэйгээ цаг чөлөөтэй зарцуулж чадвал, эхнэр тань үглэж салах асуудал нүүрлэх нь битгий хэл сайн ханьтайгаараа бахархаж таныг улам л сайхан хоолоор угтаж сэтгэл хангалуун байлгахийг хичээнэ. Та ийм амьдралыг хүсээгүй гэж үү?

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та энэ аргын талаар урьд нь сонсож байсан уу?
  3. Та хийх ажлаа ангилснаар танд гарч буй хамгийн наад захын өөрчлөлт юу байна вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »