Blog

HomeMoney MindsetMMM4L14. Паркинсоны хууль

MMM4L14. Паркинсоны хууль

ПАРКИНСОНЫ ХУУЛЬ

Цагийг зөв ашиглаж үр бүтээлтэй, ашигтайгаар богино хугацаанд амжуулж сурахад Паркинсоны хууль бидэнд маш ихийг сургаж болдог. Энэ хуулийг ажлаа богино хугацаанд амжуулж сурахаас гадна, цалин хөлс орлогоо нэмэгдүүлэхэд ашиглах түлхүүр арга болгож ч ашиглаж болдог.

Би олон жилийн уйгагүй хөдөлмөр, ажиглалт хийсний эцэст энэ аргачлалын жинхэнэ нууцыг илрүүлсэн гэж хэлж болно. Дараа нь Паркинсоны хуулийг номноос олж уншчихаад үүнийг эртхэн мэдсэн ч болоосой гэж шүүрс алдаж байснаа ч нуух юун. Эртхэн мэдсэн бол би ингэж их энерги, хүч боломжийг дэмий юманд зарцуулахгүй байсан юм гэж өөрийн эрхгүй бодогдсон.

Энэ бол жинхэнэ амьдралд ойрхон атлаа хэрэглэхэд хялбар энгийн хууль юм. Одоо энэ хуулийн талаар танд танилцуулъя. Хэрвээ та өөртөө хоёр цагийн дотор дуусгаж болох ажлыг гүйцэтгэхийн тулд дөрөв, тав, бүр түүнээс олон тодорхой бус цагийг өөртөө өгвөл тэр хэлсэн цагтаа л хийж дуусгана, тодорхой бус цаг байвал магадгүй та улам тухайн ажлыг хийхээс тодорхой бус шалтгаанаар хойшлуулж байна л гэсэн үг.

Жишээ нь: Оюутнууд шалгалт эхлэх хугацаа болохоос нааш хичээл номоо шагайх дургүй байдаг шүү дээ. Тэд яг шалгалт болохын өмнөх хэдэн хоногт л ажлаа амжуулдаг. Бас нэг гайхалтай амьдралын тухай бодит жишээ нь: Бидний багадаа сайн мэддэг “Жигмэд Тогмид хоёр” гэж алдартай дуу байдаг.

Энд дуулахдаа:

Жигмэд Тогмид хоёр жимсэнд хамт явжээ.

Уулын модонд очоод уралдаж түүхээр болжээ.

Том савтай Тогмид нь сүүлдэнэ гэж сүрджээ.

Жижиг савтай Жигмэд нь түрүүлнэ гэж барджээ.

Түүсээр байгаад Тогмид нь сав нь дүүрээд иржээ.

Идсээр байгаад Жигмэд нь гэдэс нь цадаад иржээ.

Энэ дуу хүний сэтгэхүйн онцлог, амьдралын ухааныг заасныг бид тэр бүр анзаараагүй орхисон байж болно. Магадгүй та энэ бүхний ард байгаа холбоог, миний санааг ойлгосон байх.

Хэрвээ та өөртөө ямар нэг ажлыг амжуулах гэж тодорхой цаг өгвөл тэр л цагтаа хийж дуусгана. Гэтэл танд ямар нэгэн шуурхай хэрэг гараад ердийн хурдаар найман цагийн дотор дуусгаж болох ажлыг хоёр цагт хийж гүйцэтгэх шаардлага гарвал хоёр цагт амжилттай хийж дуусгана. Үүнийг л бид Паркинсон хууль гэж нэрлээд байгаа юм.

Учир нь таны оюун ухаан сэтгэхүй тийм их чадалтай, нөөц бололцоогоо дайчилж чаддаг юм. Ихэнх хүн үүнийгээ дайчилж ашиглаж мэддэггүй учраас ямарваа нэг бэрхшээл шалтаг тоочиж хийх ажлаа хойшлуулж эхэлдэг. Би нэг үйлчлүүлэгчтэйгээ ажиллахдаа түүний зургаан сарын дараа хийнэ гэж амлаж байсан ажлыг нь шахаж гурван сар болгоход тэрээр нэлээн гайхаж өөртөө үл итгэж байснаа, нэгэнт л намайг шахаад эхлэнгүүт өөрийгөө дайчлахаар шийдэж үзээд алдсан юм.

Тэр гурван сардаа багтаах гэж ихэд хичээснийг нь би сайн санаж байна. Гурван сардаа амжаагүй ч гэсэн гурван сар долоо хоногийн дараа л тэрээр жинхэнэ үр дүнг нь амссан юм. Энэ бол үнэхээр гайхамшигтай түлхүүр нууц. Үүнээс үзэхэд, хэрэв танд тодорхой хугацааны дараа хийж дуусгах ёстой зорилго байвал, та энэ зорилгынхоо хугацааг наашлуулж багасгаад бараг тал хугацаанд нь амжуулах гээд өөрийгөө туршаад үзэж болно гэсэн үг.

Энэ аргыг хэрэглэнгүүтээ л та гайхалтай нээлт хүч чадал олж авна гэдэгт би 100% итгэлтэй байна.Заримдаа бид ганц хоёр цагийн дотор л маш амархан амжуулах 100%-ийн боломжтой гэдгийг мэдсээр байж аливаа ажлыг ажил дээрээ байх ёстой найман цагийг дуустал хийдэг. Ийм сэтгэхүй Монголд давамгайлдаг гэдэгтэй та санал нийлэх байх.

Үнэндээ цаг өнгөрөхийг хүлээж ямар нэг юманд боол болж сууж байна гэдгээс өөрцгүй л сонголт шүү дээ. Гэтэл одоо ямар үе билээ? Бие даасан чадвартай, энэ чадвараа бүрэн дүүрэн ашиглаж чаддаг хүнийг авах ажил хаа сайгүй нээлттэй, богино хугацаанд өндөр үр бүтээлтэй ажиллах хүнийг л аль ч компани сонгодог болж байна. Энэ аргыг мэдсэн хүн л гэхэд хэдэн төрлийн давхар ажлыг нэг өдөрт амжуулж, хэдэн ч хүний цалинг нэг хүний орлого болгож өөрчлөх бүрэн боломжтой болжээ.

Ажлаа хийж амжуулж чаддаг хүмүүс ч цагтаа уягдаж даргадаа харагдах гэж ажилдаа ирдэггүй. Дарга нар ч тэдэнд өндөр итгэл найдвар хүлээлгэж, гарч буй үр дүнг нь л харахын тулд ажиллуулдаг болсон. Хангалттай цаг байх тусам ажлаа хамгийн сүүлийн мөч хүртэл хойшлуулдаг. Оногдсон ажлаа хийж дуусгахад бид өөрсдөдөө тухайн ажилд зарцуулагдах ёстой цагаас илүү их хугацаа өгдөг учраас хангалттай цаг байгаа гэж бодоод бид цагийг үрэн таран хийдэг. Цаг бага байх тусам бид хийж буй ажлаа гол чухал, зайлшгүй гэж үзэх зүйлд шууд хандуулж, чиглүүлж өгөхөөс гадна хийх гэсэн ажлаа дор дор нь хийж дуусгадаг. Тиймээс тухайн оногдсон ажлыг хийж дуусгахад зарцуулагдах цагийг аль болох шахуу өгч байвал сайн. Бид завгүй, их ажилтай байх тусам ихийг амжуулдаг нь мөн үүнтэй холбоотой.

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та өөрийгөө хэр завгүй хүн гэж боддог вэ, завгүй байгаагийн хэрээр ажлаа амжуулж чаддаг уу?
  3. Та энэ аргыг ашиглаж орлогоо нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »